Онц байдлын тухай хуульд зааснаар онц байдал зарласан тохиолдолд дор дурдсан онцгой арга хэмжээ тогтоож болно:
1) Нийтийн эмх замбараагүй байдал бий болгож хүч хэрэглэсэн үйл ажиллагаа явуулсан буюу явуулж байгаа байгууллагыг тараах, бүлэг хүмүүсийг албадан тараах, албадан саатуулах, тэдгээрийн зэвсэг, техник хэрэгслийг хураан авах;
2) Хөл хорих, өөрөөр хэлбэл төрийн эрх бүхий байгууллагаас тусгайлан олгосон зөвшөөрлийн болон иргэний үнэмлэх,түүнтэй адилтгах баримт бичиггүйгээр гудамж, талбай, олон нийтийн бусад газарт хоногийн тодорхой цаг хугацаанд зорчихыг хориглох. Энэ заалтыг зөрчсөн этгээдийг цагдаа буюу цэргийн эргүүл хөл хорих цаг дуустал, иргэний үнэмлэх, түүнтэй адилтгах баримт бичиггүй бол хэн болохыг нь тогтоох хүртэл, гэхдээ 72 цагаас илүүгүй хугацаагаар албадан саатуулах, шаардлагатай гэж үзвэл албадан саатуулагдсан хүний бие, авч яваа эд зүйлд үзлэг хийх;

3) Шаардлагатай гэж үзвэл иргэний үнэмлэх, түүнтэй адилтгах баримт бичгийг шалгах, галт зэвсэг, хүний амь нас, эрүүл мэндэд хохирол учруулж болох бусад зүйлийг хууль бусаар авч явах буюу хадгалж байгаа, эсхүл хэрэглэж болзошгүй гэж үзэх үндэслэл байгаа бол иргэдийн бие, орон сууц, тээврийн хэрэгсэл, эд зүйлд үзлэг хийх;
4) Олшруулах болон дуу авиаг чангаруулах техник хэрэгслийн ашиглалтыг хязгаарлах буюу хориглох, шаардлагатай бол түр хураан авах, олон нийтийн мэдээллийн хэрэгсэлд хяналт тогтоох, эсхүл онц байдлыг цуцлах хүртэл үйл ажиллагааг нь зогсоох;
5) Холбооны хэрэгсэл ашиглах тусгай журам тогтоох;
6) Нийтийн эмх замбараагүй байдлыг арилгахад саад учруулж буй улс төрийн нам, эвсэл холбоо, олон нийтийн байгууллагын үйл ажиллагааг зогсоох;
7) Онц байдал зарласан нутаг дэвсгэрт зохих зөвшөөрөлгүй оршин сууж байгаа бөгөөд онцгой дэглэм сахиулахад саад учруулсан этгээдийг байнга оршин суух газарт нь, эсхүл онц байдал тогтоогоогүй засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж рүү албадан гаргах;
8)Зэвсэг, галт хэрэгсэл, хүчтэй үйлчлэх химийн хорт бодис, согтууруулах ундааны зүйл худалдах, тараахыг хориглох;
9) Иргэдийн эзэмшилд байгаа галт болон хүйтэн зэвсэг, галт хэрэгсэл, аж ахуйн нэгж, байгууллагын үйлдвэрлэлийн технологид хэрэглэдэг тэсэрч дэлбэрэх, хүчтэй үйлчлэх химийн хорт болон цацраг идэвхт бодис, сургалтын зориулалттай байлдааны зэвсэг, техник хэрэгслийн ашиглалтад хяналт тогтоох, шаардлагатай гэж үзвэл ашиглалтыг зогсоох буюу тэдгээрийг түр хураан авах.
Ямартай ч хүсэх зүйл л лав биш.